Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжин тэдэнд санхүүгийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэж буй нь “Есөн шижир инвест ББСБ” ХХК-ийн бахархал. Өнгөрсөн 28 жилийн турш харилцагч, хэрэглэгчидтэйгээ хамтдаа бүтээсэн тус компанийн өсөлтийн түүхийг хүргэе.
Өнөө цагт хүмүүс өдөр тутмын ахуйн хэрэгцээгээ хангахаас эхлээд автомашин, орон сууцтай болох, гарааны бизнесээ эхлүүлэх зэрэгт санхүүгийн дэмжлэг авах болсон. Энэ бүхэнд тохирсон шийдэл нь бага хүүтэй банкны зээл боловч орлогоо нотлох, барьцаа хөрөнгө шаардах, урт хугацаа зарцуулах гэхчлэн өндөр шалгуурыг давах хүмүүс цөөн. Тэгвэл хэрэглэгчдэд шуурхай, уян хатан санхүүжилт олгож, ахуйн хэрэгцээнээс бизнесийн санхүүжилт хүртэлх бүх шатанд гол гүүр болж буй компани бол “Есөн шижир инвест ББСБ” ХХК юм. Анх барьцаалан зээлдүүлэх буюу өнөөгийн хэллэгээр ломбардны чиглэлээр санхүүгийн салбарт үйл ажиллагаа эхэлсэн тус компани өдгөө банк бус санхүүгийн байгууллагын салбарын жишиг тогтоогчдын нэг болжээ.
Эрсдэлгүй, шуурхай үйлчилгээ
“Есөн шижир инвест ББСБ” ХХК нь 1997 онд “Шижир Тулгат ЗНБ” нэрийн дор барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж санхүүгийн салбарт хөл тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш харилцагчийн хүсэл, зах зээлийн өөрчлөлтөд дасан зохицож бүтээгдэхүүн үйлчилгээгээ шинэчлэн сайжруулсаар харилцагчдадаа бүх төрлийн зээл болон итгэлцлийн үйлчилгээг тасралтгүй нийслэл болон хөдөө орон нутаг дахь 11 салбар нэгжээр дамжуулан үзүүлсээр байна. Тус компанийн гол зорилго бол санхүүгийн үйлчилгээг хурдан шуурхай, чирэгдэлгүй хүргэх.
Банк санхүүгийн салбарын үйл ажиллагаанд эрсдэлгүй байх нөхцөлийг хангах нь хамгийн чухал шаардлага. Тэд санхүүгийн тогтвортой байдлаа хангаж, зээлийн багцыг эрсдэлгүй удирдахын тулд оновчтой бодлого баримталдаг. 2025 оны II улирлын банк бус санхүүгийн байгууллагын салбарын чанаргүй зээлийн дундаж 7.7 хувьтай байсан. Салбарын дундаж хэд болж өссөн ч чанаргүй зээлийг таван хувиас хэтрүүлэхгүй эрсдэлээ удирдаж ажилладаг. Тэр дундаа, 20-30 тэрбум төгрөгийн багцтай томоохон салбаруудын хувьд энэ үзүүлэлтийг гурван хувиас дээш гаргахгүй байх зарчмыг баримталж байна.
Бизнесийн өсөлт бүрд хамт
Тус хамт олон өнгөрсөн хугацаанд зээлийн үйлчилгээг нэг жилд давхардсан тоогоор 20 мянган иргэн, ААН-үүдэд олгосон. Энгийнээр хэлэхэд ийм тооны иргэн, өрхөд хөрөнгө бий болгож, боловсрол, эрүүл мэндээ анхаарах, бизнесээ өргөжүүлэхэд дэмжлэг болсон гэж үзэж болох юм. Бичил, дунд бизнес эрхлэгчдэд тулгардаг хамгийн том сорилт бол санхүүжилт татах. Энэ төрлийн зээлдэгчид банкны өндөр шаардлагаас хамаарч эхний шатандаа зээл авахад хүндрэлтэй байдаг.
“Есөн шижир инвест ББСБ” нь үйл ажиллагаагаа эхэлсэн цагаас л энэ төрлийн зээлдэгчдэд итгэл хүлээлгэн, асуудлыг нь хурдан шийдвэрлэсээр иржээ. “Бидний бахархал бол Бичил бизнес эрхлэгчдийн орлого тогтворжоогүй, бусад зүйл жигдрээгүй байхад ч итгэл хүлээлгэн, хэрэгцээг зөв тодорхойлж шийдэл санал болгодогт оршдог.
Бараг 20-иод жилийн өмнө гэрийн жижиг засал хийдэг байсан барилгын бригадыг компани болтол нь дэмжсэн. Мөн авто угаалгын газрыг олон салбартай том угаалгын газар болтол нь хамтран ажилласан гэхчлэн эерэг туршлага олон бий. Харилцагчдын маань бизнес нүдэн дээр өсөж, манайхыг банкны ямар ч шаардлага хангахгүй байхад шаардлага хангадаг болтол нь дэмжиж байсанд баярлалаа гэж хэлэх үед бидний зарцуулсан санхүүжилт өгөөжтэй байжээ, бид чаджээ гэж баярлаж бахархдаг” хэмээн “Есөн шижир инвест ББСБ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Наранчимэг хэлж байна.
Банк бус санхүүгийн байгууллага гэдэг утгаараа хүү өндөр ч үнэнч найдвартай хэрэглэгчдэдээ оноо болон зээлийн хүүгийн хөнгөлөлт, хугацааны уян хатан нөхцөлийг санал болгодог.
Иймээс ч нэг удаа үйлчилгээ авсан хүмүүс эднийд дахин хандах нь түгээмэл аж.
Гурван жилд хоёр дахин өсөлт
Тухайн байгууллагын өсөлт ихэвчлэн тоон үзүүлэлтээр илэрхийлэгддэг ч үйлчилгээг үнэн зөв, бодитой хүргэж чадаж байгаа эсэх нь бас нэгэн чухал үзүүлэлт. “Есөн шижир инвест” ХХК-ийн хувьд хамгийн өсөлттэй, тэсрэлттэй үе нь 2022 оноос эхлэлтэй. Энэ хугацаанд тэд үйл ажиллагааныхаа өнгө төрхийг шинэчилж, ребрэндинг хийсэн юм. Олон жилийн турш дээд тал нь 50 ажилтантай, 5-6 салбарт үйл ажиллагаа явуулдаг байсан бол одоо ажилтны тоо 100-д хүрчээ. Эхэндээ байгууллага зөвхөн эздийн хөрөнгөөр үйлчлүүлэгчдэд зээл олгож байсан бол сүүлийн жилүүдэд бонд гаргаж, гадаад эх үүсвэрээс хөрөнгө татаж эхэлсэн.
Тодруулбал, анх “Өлзий энд Ко Капитал ҮЦК” компанитай хамтран 13 тэрбум төгрөгийн бондыг зургаан удаагийн транчаар гарган жилийн 21 хувийн өгөөж хүртээжээ. Үүний дараа “Голомт Капитал ҮЦК” компанитай хамтран биржийн бус зах зээл дээр 8 тэрбумын бондыг хаалттай хэлбэрээр гаргасан. Энэхүү ажлын үр дүнд байгууллагын зээлийн багц, нийт активын хэмжээ 100 тэрбум төгрөгт хүрчээ. Харин одоо “Таванбогд капитал ҮЦК”-тай хамтран 18 тэрбум төгрөгийн бонд гаргахаар ажиллаж байна. Тус бонд нь 12-18 сарын хугацаатай жилийн 19.5-20.5 хувийн өгөөжтэй байх аж. Цаашид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж, ISO-г нэвтрүүлэх зэрэг ажлууд дээр төвлөрч ажиллаж буйгаа энэ үеэр дурдав.
Зээл бус хуримтлал
Дижитал эрин үед байгууллага бүр дижитал шилжилтийг хийх нь зүй ёсны хэрэг. Бүгд л хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ аль болох ойр, хурдан шуурхай хүргэхийн тулд олон цогц үйл ажиллагааг хэрэгжүүлж буй. Санхүүгийн салбарынхны хувьд технологийн шийдлийг нэвтрүүлж, банк, зээл, төлбөр, хуримтлал, хөрөнгө оруулалтын салбарт хувьсал хийсээр байгаа. “Есөн шижир инвест ББСБ” ХХК зөвхөн зээл болон итгэлцлийн үйлчилгээгээр хязгаарлагдахгүй. Тухайлбал, хэрэглэгчдэд утаснаасаа шууд худалдан авалт хийх боломжтой цогц санхүүгийн үйлчилгээ хүргэхээр тэд зорьж байна. Энгийнээр хэлбэл, “мини банк”-ны үйлчилгээг хүргэх юм. Үүнтэй холбогдуулан бүтээгдэхүүн, үйлчилгээндээ сүүлийн үеийн технологиудыг эрчимтэй нэвтрүүлсээр байна. Энэ онд гэхэд хэрэглэгчийн амьдралын хэв маягт нийцсэн бүтээгдэхүүн буюу орлогын аппликэйшнийг хөгжүүлжээ.
Энэхүү шийдэл нь зээл олгохгүй харин өөрийн санхүүгээ удирдах, хуримтлал үүсгэх, төлбөр төлөх зэрэг үйлдэл хийнэ. Жишээлбэл, байрны зээл, хүүхдийн сургалт зэрэгт зориулж хуримтлал үүсгэж, зээлээ үе шаттайгаар төлөх, тухайн хэрэглэгч орлогоосоо хэдийг хуримтлуулж, хэдийг нь зээлд өгөх вэ гэдгээ өөрөө төлөвлөнө. Мөн зээлийн үлдэгдэл, хуримтлал, орлого, зарлагын мэдээллээ гар утаснаасаа авах боломжийг олгох аж.
Энэ талаар “Есөн шижир инвест ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Наранчимэг “Хэрэглэгч санхүүгийн зөвлөгөө авахын тулд заавал эдийн засагч, эсвэл санхүүгийн шинжээч дээр очиж далан булчирхайгаа тоочих бус тус аппаас хаана ч хэзээ ч зөвлөгөө авах боломжтой” хэмээн тодотгож байлаа. Хэрэглэгч энэхүү аппийг ашигласнаар өөрийн хуримтлуулсан хугацаа, хэмжээний дагуу тооцоолж, жилийн болон улирлын өгөөжөө шууд харахад нээлттэй аж. Энэ мэтчилэн жижиг өрхийн бизнесээс эхэлсэн тэдний бизнес өдгөө өсөлт, хөгжлийн нэгээхэн жишээ болж байна.

